|
Эрхэм зорилго: Эрүүл, хүнлэг, номч, амьдрах ухаанч иргэн болгон төлөвшүүлнэ. Үзэл баримтлал Хүүхэд бүрийг эхийн хайраар асран хүмүүжүүлэх, хүсэл сонирхолыг нь дээдлэн хөгжүүлнэ.
Манай цэцэрлэг 1974 онд байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл эцэг, эх асран хамгаалагчгүй өнчин бяцхан хүүхдүүдийг асран хүмүүжүүлэх ажлаа тасралтгүй явуулсаар байгаа улсын асрамжийн ууган цэцэрлэг билээ. Одоо 120 гаруй хүүхэдтэй, 50 гаруй багш ажилтан, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жилийн 4 улиралд тасралтгүй ажилладаг гэр байгууллага юм. Эцэг эх нь нас барсан бүтэн өнчин, олдмол, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эрүүл мэндийн хувьд хүүхдээ асрамжлах чадваргүй нь тогтоогдсон хүмүүсийн хүүхдүүдийг тухайн харъяа хот, дүүрэг, аймаг, сумын засаг даргын тамгын газрын захирамж, цагдаагийн байгууллагын болон шүүхийн шийдвэрээр хүлээн авдаг бөгөөд нийт хүүхдүүдийн 40 орчим хувийг төрөлхийн оюуны хомсдолтой, саажилттай, архаг суурь өвчтэй, тулгуур эрхтэний гажигтай хүүхдүүд эзэлж байна. Хүүхдүүдээ жилд 2 удаа ЭНЭШУТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 12-30 хүүхдийг байнгын курс эмчилгээнд хамруулдаг юм. Монгол улсын СӨБоловсролын сургалтын программыг хүүхдийнхээ нас биений онцлогт тохируулан боловсруулж хичээл хүмүүжлийн ажлаа зохион байгуулж жил бүр 20-23 хүүхдэд анхан шатны суурь боловсролыг олгон нийслэлийн 53-р сургуульд шилжүүлэн суралцуулж байна. Амьдрах ухаанд сургах зорилгоор олгогдвол зохих дадал хэвшил, хөдөлмөрийн хүмүүжлийг системчлэн олгож, тэдний авъяасыг нээн хөгжүүлэх, хүүхдийн төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцуулан тэдний авъяасыг нь солиулж, нийгэмд тодорхой байр суурьтай хувь хүн гэдгийг мэдрүүлэх зорилго тавин ажилладаг юм. Зуны улиралд /6-8 сард/ Хандгайтын аманд орших «Хараацай» зусландаа гарч хүүхдүүдээ нар, ус, агаараар чийрэгжүүлэх ажлыг тусгай графикийн дагуу хийж, зуны хөтөлбөр бүхий сургалт явуулан идэвхитэй амраадаг. Хүүхэд бүр аав, ээжийн хайранд, гэр бүлд өсөх ёстой гэсэн зарчим бид бүхний чин хүсэл байдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд 20 гаруй хүүхдийг дотоод, гадаадын гэр бүлд үрчлүүлэн элэг бүтэн болгосон билээ. Цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэх нь ирээдүй нь бүрхэг баталгаагүй байгаа манай хүүхдүүдийн хувьд чухал алхам болох юм. Цаашид орон улсаараа овоглосон бяцхан хүүхдүүдийн маань өнөөгийн болон ирээдүйн хөгжлийг дэмжин туслахыг хүсэж буй хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байна. |